Wednesday, April 10, 2013

Зөв хүн /богино өгүүллэг/



Хотын захад ээж, гурван дүүгийн хамт амьдардаг Тулга хүү 12 настай. Түүний ээж сүүлийн үед бие нь өвдөөд хэвтэрт орсон бөгөөд тэднийгээ тэжээх том хариуцлага түүнд ирсэн юм.
Тулга хүү толгой гудайн алхана.  Өнөөдөр бас л гэртээ хоол ундгүй өлсөж цангасан гурван дүү нь бүлтийгээд угтана гэж бодохоос дотор нь харлана. Ядаж байхад бүрэнхий болчихсон байдаг. Гэрлүүгээ алхаж байгаа шүү дээ гэж бодохоор бие нь улам хүндрэх мэт, гутлаа  даахгүй арай ядан хөлөө зөөж алхана. Түүний өмнө алхаж буй охин утсаар ямар нэг хөгжилтэй зүйлийн талаар ярин тас тас хөхрөж байв. Энэ охины гэрт хоол унд элбэг дэлбэг, ээж аав нь эрүүл аз жаргалтай сайхан амьдардаг байхдаа гэж бодсоор бяцхан атаархлын харцаар харвал охины хэтэвч халааснаас нь нилээн цухуйж харагдлаа. Тулга амттай зүйл харсан мэт шүлсээ залгаад “ унахыг нь хүлээвэл мөдгүй дээ. Аваад зугтчихвал өндөр өсгийтэй гуталтай араас хөөгөөд гүйцнэ гэж байх ч үгүй. Гэхдээ өөр хүнд баригдчихвал бас яах уу” гэж эргэлзэн ийш тийш хулмалзан харна.
Хоол нэхсэн дүү нарынх нь царай нүдэнд нь дахин тодроход Тулгын эргэлзээ даруй үгүй болж юу л болвол болог гээд охины хойноос сэмхэн гэтсээр хэтэвчийг нь шүүрээд шурхийн гүйлээ. Тулгын хувьд энэ явдал анхных. Айж сандарсандаа зүрх нь амаараа гарах нь холгүй дэлсэж байсан ч зогсолтгүй гүйсээр байлаа. Охин хойноос нь хашгирсаар хоцорсон ч Тулгын аз уу, эз үү түүнийг барих гэж хэн ч хөөсөнгүй. Хаа хүртэл гүйснээ мэдэлгүй нэг харанхуй булан руу орж амьсгаагаа даран түр зогсохдоо айж, анчин байгааг мэдсэн туулай гэлтэй л хярна. Гартаа хэтэвч байгааг гэнэт санан их л нандин зүйлд хүрч байгаа мэт чичирсэн гараар эргүүлж тойруулан харсан ч нээж зүрхэлсэнгүй. Хойноос нь дагаж хөөж байгаа хүн байхгүйг мэдсэн хойноо Тулга харанхуйгаас гэтэн гарч явган хүний зам даган алхах гэсэн ч хэрэг хийсэн хүн хойно ийш тийш сэрвэлзсээр явлаа. Айдас нь бага багаар намдаж “ ээж, дүү нартаа хоол авах мөнгөтэй болсон хүн шүү дээ би” гэж бодохоор сэтгэлд нь баярын оч түгнэ.
Замд нь харагдсан томоохон супермаркет руу шийдмэг гэгч нь ороод тэргийг нь түрэн лангуун дундуур алхана. Хэтэвчинд нь хэдэн төгрөг байгаа бол, тэр охинд их хэрэгтэй мөнгө байсан болов уу, хэрвээ мөнгө байхгүй бол яана гэсэн түмэн тарчлаант бодол төрнө. Гэнэт дүү нарынхаа өрөвдөлтэй царайг санаад бодлоо даран хөмхий зуун хүнсний лангуунаас амттай гэсэн болгоныг тэрэг рүү хийж байв. Түүний тэрэг дүүрэн авсан зүйл нь хэдэн талх, будаа, гурил, мах л байлаа. Тулгын хувьд өдөр болгон идээд байдаггүй энэ бүхэн хамгийн амттай санагдана. Эдгээрийг цуглууж байхдаа өлөө арай ядан дарж шүлсээ залгин байв. Кассны дэргэд бяцхан дараалал үүсчээ. Ээлжээ хүлээн зогсож байгаа Тулгыг энд тэндээс нь зэмлэн буруушаасан хүмүүс хараад байгаа мэт санагдаж хүү байн байн хөлсөө шудрана. Бас хэтэвчинд мөнгө байгаа болов уу гэсэн бодол түүнийг сандаргана. Тулгын ээлж ирлээ.
     -          Жаалаа ганцаараа яваа юм уу? яаж бүгдийг нь даана?
     -          Зүгээрээ эгчээ, би сурчихсан юм гээд нусаа татах жаал хүүг кассчин бүсгүй өхөөрдөн харна
     -          За миний дүү нийт 32500 төгрөг болж байна,
гэхэд Тулга халааснаасаа нөгөө хэтэвчээ хүмүүсийн харцнаас нуун гаргаж ирээд удаан нээлээ. Гэтэл хэтэвчинд 500 төгрөг бас ганц хоёр зуут, аравт, хоритоос өөр мөнгө байсангүй. Тулгын нулимс өөрийн эрхгүй мэлмэрч ээж, дүү нараа бодохоос гол нь харлан дэмий л ханцуйгаараа нулимсаа арчина.
  -          Эгчээ би мөнгөө гээчихжээ. Эднийг буцаагаад тавьчих уу?
  -          Ээ халаг аа. Их мөнгө байсан юм уу? эднийг өөр хүн хураачихна. Миний дүү ирсэн замаараа хайгаад үзэх юмуу?
   -          За гээд дахиад л хүнд санагдах гутлаа чирсээр үүд рүү алхлаа.
   -          Миний охин саяын хүүгийн тооцоо хэд болсон гэлээ? Эмээ нь өгчихье. Өнөөдөр тэтгэвэрийн мөнгөө авсан юмаа гэх ядруухан хоолойг сонсоод Тулга хүү горьдлого дүүрэн нулмистай харцаар эргэн харав.
   -          Жаахан амьтан болсон хойноо мөнгөө хаа нэгтээ хаяж гээсэн байж таараа. Миний ач хүүгээс ялгаа юу байхав. Эмээ нь аваад өгье нааш ир, миний хүү.
Тулга зогсолтгүй уйлсаар байлаа. Хүний юм шүүрч муухай юм хийсэн байтал ингээд надад хүн тусалж байна бяцхан ухаандаа бодох бүр тэр гэмшин уйлна. Өнөө эмээ торонд юмыг нь хийлгэж аваад хүүг чиглэн ирлээ.
   -          За миний хүү битгий уйл. Эмээ нь авчихлаа гээд духан дээр нь үнэрлэх агшинд тэр буурай Тулгат бурхан гэлтэй санагдана.   
   -          Эмээ би таны ачийг заавал хариулнаа гээд нулимсаа арчин хэлэхэд, эмээ түүн рүү эвийлэн хараад
   -          Миний хүү эмээ шигээ хүмүүст тусалж байвал ачийг минь хариуллаа гэсэн үг. Сайн хүн болоорой гээд гарч одлоо.
Тулга зогссон газраа зоогдсон мэт нулимсаа арчин хэсэг зогссоноо эмээгийн араас гүйн гарсан ч аль хэдийн бараа сураг тасарчээ.
Маргааш өглөө нь Тулга хаягдсан гээгдсэн бичиг баримтын төвд хэтэвчийг аваачиж өгөөд эзнийг нь заавал олж өгөхийг хичээнгүйлэн гуйжээ. Хүү гарч явахдаа хэрэг хийгээд зугтаж явахдаа хичнээн их гэмшил тээж байснаа, харин одоо тэр бүгдээ залруулсны дараа сэтгэл ямар тэнүүн байгаа хоёроо тэнцүүлэн бодсноо “ би заавал зөв хүн болноо” гэж шийдэмгий амандаа шивнэлээ.
Хийж байгаа алхам бүр тань зөв сэтгэлээр, зөв хийсэн үйл байхад л та “Зөв хүн” болно .

1 comment:

  1. Өөрийн тань бичсэн Зөв хүн өгүүллэг их таалагдлаа.Орчин үеийн хүмүүст сургамж болсон сайхан өгүүллэг болсон байна.Амжилт

    ReplyDelete