
Манай гэр бүл өнгөрсөн
зун Өмнөговь руу аялалд гарсан юм. Бидний аялалын зорилго ёлын ам орж үзэх
байлаа. Би хангайн хүүхэд. Анх удаа говь руу явах гэж байсан болохоор сэтгэл
минь маш их догдолж байсан сан. Миний говь нутгийн төсөөлөл элсэн манхан, тэмээ
бас халуун уур амьсгал байлаа. Гэтэл уран зураг мэт цагаан, ягаан, ногоон
өнгөний гайхалтай хослол миний төсөөллийг эвдсэн юм. Цагаан, ягаан цэцэгс нэгэн
жигд зах нь үл харагдах талд ургажээ. Аав минь “ Говийн малын мах амттай гэдэг.
Арга ч үгүй юм даа. Ийм сайхан таана, хөмүүл идэж байгаа юм чинь...” гэж
хэлэхэд, нээрээ ч энэ л цэцэгс малын гол тэжээл болдог таана, хөмүүл гэж бодохоор
үнэхээр тийм бололтой. Талаар нэг ургасныг харвал зуншлага сайхан гарсаны шинж
юм. Хангайд орсон бороо говийг ч бас тойроогүй бололтой. Бид замдаа Ёлын амны
талаар сонсон зүйлээ ярьж явлаа.
Бид зорьсон газартаа ирлээ. Өмнөговь аймгийн
байгалийн хамгийн үзэсгэлэнт газруудын нэг бол Алтай нурууны үргэлжлэл хэсэг
болох Говь Гурван сайхан уул. Тэр дундаа
энэ уулын Ёлын ам. Уг газрыг Ёл шувуу
ихтэй учраас ийн нэрлэжээ. Энэ хэсэгхэн
газар говь гэхээргүй уул толгод, өвс ургамал жигдэрсэн байсан нь бидний
анхаарлыг татсан юм. Бас Ёлын аманд нэг ч ёл олж хараагүй болохоор сэтгэл
дундуур л байлаа. Сонирхолтой нь ёл биш, хаашаа л харна амандаа дүүрэн өвс
зуусан үхэр огтонууд гүйлдэнэ. Жуулчид их явдаг болохоор хүнээс айхаа ч
больжээ. Харин зарим хүмүүс тэднээс айж байсан юм. Дархан цаазат газар болохоор
тэдэнд хор хөнөөл учируулах зүйл бараг үгүй байх.
Ёлын амны бас нэг
гайхалтай зүйл нь мөсөн тогтоц. Энэ мөс нь долдугаар сарын дунд үеэс хайлж
эхэлдэг гэнэ. Харин бид наймдугаар сарын сүүлчээр очсон учир мөс нь их л
багассан байсан юм. Гэсэн ч үзэж харах зүйл ихтэй сайхан газар юм билээ. Төв
хэсэгтээ 200 орчим цавчим элгэн хадтай, дээвэргүй хонгил л гэмээр сонирхолтой
тогтоцтой. Хамгийн хавчигдмал хэсэгтээ хоёроос илүү хүн зэрэг багтмааргүй
нарийхан юм билээ. Бид олон сайхан зүйл үзэж нүдээ хужарлаад нутаг буцах болсон
юм. Би өөртөө дахин энэ нутагт ирж бүх сайхан газруудыг нь үзнэ гэж амласан
юм...
No comments:
Post a Comment